Wednesday, October 3, 2012

Анхны Найрамдал


2011 оны 8-р сарын 3-13-ны  хооронд “Oлон Улсын Хүүхдийн Найрамдал Зуслан”-гийн 8-р ээлжээр хамгийн анх 10 хоногоор амарч үзсэн юм. Өмнө нь 10 жилийн ангийхантайгаа бага ангийн төгсөлт, улирлын амралт гээд өдрөөр зөндөө л явж байсан. Яг ингэж ээлжийн амралтаар нь явъя гэхээр манай аав их хашир хүн байдаг болхоор намайг ерөөсөө явуулдаггүй, тэрийг бүү хэл гадаа ч гаргадаггүй байсан.
Өнгөрсөн жилийн зун би өөрөө ажил хийж, цалингаа цуглуулаад путёвкагаа гэрийнхэндээ хэлэлгүйгээр нууцаар авчихсан. Явах өдөр нь дөхөөд ирэнгүүт явна гэдгээ хэлсэн чинь аав ээж хоёр жоохон дургүй байсан ч нэгэнт авчихсан бол явдаа гээд зөвшөөрсөн. Би жил бүрийн л зун найзуудтайгаа хамт явхыг хүсч мөрөөддөг байсан болохоор явахаар болсондоо бөөн баяр. Найрамдал явж үзэх л юм бол заавал нэг бүлэгт орнодоо гэж боддог байсан хүн зөндөө.
Би урлаг соёлд маш их сонирхолтой,  тэр дундаа амьд хөгжимд бүүр их дуртай болхоор хаана юу л  болно алгасах дургүй байлаа. Аль болох л бүгдийг нь үзэж, амжаагүй хүмүүсд зориулж зураг аван үзүүлэхийг хичээдэг байсан.  Тэгээд өнгөрсөн жилийн өвлөөс бүжгийн хамтлагийн хэдэн хүүхдүүдтэй танилцан бүжгийн battle, session зэргийн зургийг авдаг болсон. Үүгээрээ ч олон бүжиглэдэг хүмүүстэй танилцсан. Тэр дунд олон түмэнд танигдсан хамтлаг ч байсан, дөнгөж шинээр гарж ирж байгаа хүүхдүүд ч байсан юм. Анх удаа 5-р сарын 1-нд “Hip hop dance session Vol.1.0”-д очиж зураг авж байсан. Гэртээ ирээд авсан зургаа өөрийн facebook-дээ хийсэн даруйдаа зөндөө хүн үзэж бас тэр өдөр ирсэн зөндөө хүмүүстэй зургаараа дамжуулан танилцсан. Тэр дунд “MBDC” (Mongolian Best Dance Crew) тэмцээний 2 дугаар байрын шагналын эзэн болсон Punk and Rap хамтлагийхан ч байсан юм. Тийм том хүмүүстэй танилцаж байгаадаа би ч хувьдаа баяртай байлаа. Өдөр нь харахад нэг л өндөр, царайлаг баахан маазарсан, муухай харсан хүмүүс байхаар нь их зантай байхдаа гэж бодож байсан ч бодол газар дээрээ 180 градус эргэсэн юм.  Бүгд л их найрсаг, сайхан зантай хүмүүс байсан. Үүнээс би өөртөө нэг дүгнэлт хийх болсон юм. Хэзээ ч хүнийг гадаад үзэмжээр нь дүгнэх хэрэггүй байдаг юм байна гэдгийг. Ямар нэгэн бүжгийн event болох юм бол бид байнга тааралдаж. Ингэсээр нилээн дотно найзууд болсон.
Найрамдлын путёвкагаа би яаж, хэзээ, хаанаас нь ч авахаа мэдэхгүй явсаар байгаад захиалганаас нь хоцорчихсон.  Тэр үед надад PnR хамтлагийнхан л том тус хүргэсэн. Тэд зун бүр Найрамдал хамтлагаараа явдаг болохоор бүгдийг нь мэддэг туршлагатай байсан. Хамтлагийн ахлагч Тэнүүн ах надад өөрийнхөө захиалсан путёвкагаа өгч өөрөө путёвкагүй үлдсэн.
8-р сарын 3-н болж Найрамдал явах өдөр боллоо. Бөөн баяр, урьд шөнө нь догдлоод унтаж чадаагүй. Миний хамгийн сайн найз (Саруул) өвөөтэйгөө намайг замаараа дайрч аваад Найрамдал руу хүргэж өгсөн. Найрамдлын гадаа очиход баахан хүүхдүүд арзагналдаж байсан юм. Отгонбат захирал микрофон дээр хүүхдүүдийг насны ангилалаар нь бүлэгт хувааж байлаа. 18-аас дээш насны хүүхдүүд нь “Сансар” бүлэг гэхэд бараг ихэнх хүүхдүүд путёвкагаа барин уралдан гүйцгээлээ. Миний путёвка Тэнүүн ахад байсан болохоор би ч санаа амар л байлаа. Тэгэхгүй бол яах ч ёстойг нь мэдэхгүй, бүлэггүй хоцорох асуудал байдаг гэсэн.  Зөндөө холион бантан болсоны дараа нэг юм бүлэг хуваарилалт дуусч хүүхдүүд хувцастай чемоданаа чирсээр бүлэг бүлэгрүүгээ явлаа. Харин нэг асуудал нь путёвкагүй хүмүүсийг буцаана гэж байсан нь. PnR 6-уулаа дундаа 2 путёвкатай ирчихсэн байсан болохоор тасаг, ор хүрэлцэхгүй гээд 3-ыг нь буц гэсэн. Тэр 3-т нь Тэнүүн ах буцдаг юм билүү гэхэд надад үнэхээр эвгүй байсан, надаас болоод амарч чадахгүй болчихвол яанаа гээд. Ашгүй манай 2 багш хөөцөлдөж гүйсээр байгаад тэднийг өөрсдийнхөө өрөөнд оруулан үлдээхээр болсон юм.
Манай бүлэг 63 хүүхэдтэй байсан. Найрамдлаас хамгийн их хүүхэдтэй бүлэг. Бүлгийн 2 багш мань 2-лаа шинэ, залуу жүжигчин, Найрамдлын туршлагатай багш нарын нэг байлаа. Би анхны явалтан дээрээ л Найрамдал явах юм бол нэг бүлэг болондоо гэж бодож байсан бүх хүмүүстэйгээ цуг орсон.  Бүлгийн дийлэнх хувь нь танидаг хүмүүс байсан.
Бүгд тасагтаа хуваагдан орж, ор ороо авсан юм. Манай тасаг 5-р тасаг 9 охинтой. Гурван орон дээр дөрвүүлээ эсвэл хоёр орон дээр гурвуулаа унтдаг байсан. Манай тасгийн охид бүгдээрээ их хөөрхөн, хөгжилтэй охидууд. Өөр манай бүлэгт “Anemone” хамтлагийн Жука, Жанна хоёр, “Моханик” хамтлагийн соло гитарчин, дуучин Цогт, “Punk and Rap” бүжгийн хамтлагийн зургаан гишүүн, “Сүүлчийн бүжиг” киноны гол дүрийг Ялгуун гэх нэрээр бүтээсэн Уянга эгч г.м урлагийн хүмүүс зөндөө байсан. 63 хүнтэй ганц өдрийн дотор танилцана гэдэг хэцүү. Өдөр ирэх тусам бид хоорондоо илүү сайн танилцаж байлаа.
Манай 2 багш манай тасгийнханд их сайн. Үгэнд нь сайн ордог байсан болохоор тэр байх л даа. Өдөр өнжөөд бүх бүлэг өглөөний дасгал төв байрны урд хийдэг байлаа. Манай бүлэг бүр байнга хоцордог. Тэгээд л багш нар хамгийн ахмадууд нь их унтамхай юм аа дандаа хоцрох юм гээд л.  Бүлгийн цагаар тасаг бүрт нэг ажил даатган өгсөн. Манай тасаг өглөө бусад тасгийнхныгаа сэрээж, орой нь унтуулах байлаа. Би нойр муутай их эрт сэрдэг болохоор өглөө тасгийнхантайгаа бусад тасгуудад орж сэрээдэг байсан. Заримдаа эмэгтэй тасгийнхан нь хаалга тас түгжинэ. Эрэгтэйчүүд нь уурлаад, нойроо харамлаад уурлаж өгнө шүү дээ. Сүүлдээ зарим нь бүүр үзэн ядсан сурагтай байсан. Гэхдээ л багшийн даалгавар бол даалгавар гээд нээх тоодоггүй байлаа. Бүр Ice Top хамтлагийн “Ам асууя” дуун дээр ковер хийж үгийг нь бичиж байгаад дуулж байсан. Одоо хүртэл тэр бичлэг байдаг.
Урлаг спортын өдөрлөгүүд эхэллээ. Урлагийн наадам гэж “Мини Пентатоник”. Энэ нь дотроо: Хамтлаг бүжиг, хамтлаг дуу, гоцлол дуу, чөлөөт сэтгэлгээ гэсэн номинациудтай. Манай бүлгийнхан чөлөөт сэтгэлгээндээ хамгийн их ач холбогдол өгч байлаа. Яагаад гэвэл бүжиглэдэг, дуулдаг бүх хүмүүс, үзүүлэх юм нь хүртэл бүгд бэлэн байсан болохоор. Чөлөөт сэтгэлгээндээ бид  3 киноны хэсгээс тоглож хийхээр шийдэн бичлэгийн ажилдаа орсон.  Үүрээр зураг авах ажил их байсан болохоор нөгөө нойрондоо харамч хүмүүс их л сэтгэл гарган сэрж байлаа. Энэ бүх хичээл зүтгэлийн үр дүнд бид нар бүх номинацийн 1-р байрны эзэд болж чадсан.
2 хоногийн дараа спортын өдөрлөг болсон. Олс татах, хөл бөмбөг, сагс, ширээний теннис, воллейбол, агаарын теннис, холын зайн гүйлт гэх зэрэг зөндөө олон тэмцээнүүд болсон. Манай бүлэг энэ дундаас нилээн хэдэн алт, мөнгөн медаль хожсон.
Ингээд л 10 хоног үнэхээр хурдан, нүд ирмэхийн зуур л өнгөрсөн. Энэ хугацаанд 63 хүн яг 1 хүн шиг болтлоо хамт олон болж чадсан гэж би боддог. Миний амьдралын мартаж болохгүй 10 хоног бол “Найрамдал”-ын 8-р ээлж “Сансар” бүлэг ялтачгүй мөн.
Бидний амрах 10 хоног дууссан ч хотод ирээд бид нэг нэгнээ мартаагүй. Ирсэн өдрөө бүлгийн уулзалт хийсэн. Энэ нь нийт 23 хоног өдөр болгон бүлгийн уулзалт хийж үргэлжилсэн. Дунд нь Баясаа багшийн мань төрсөн өдөр болоход манай бүлгийн 43 хүүхэд тус тусын санаачилгатай багшийндаа цугларцгаасан. Багш ч үг хэлэхдээ хоолой нь зангирч хэзээ ч ингэж их хүн ирж, ийм том бэлэг барьж байгаагүй гээд маш их талархаж байгаагаа хэлж байсан. Бид ч багшийгаа баярлуулж чадсандаа бүгд сэтгэл хангалуун байлаа. 
Энэ зун амрах гэсэн ч даанч амжаагүй. Гэхдээ Отгонбат захирал хэрвээ 2011 оны 8-р ээлжийн “Сансар” бүлгийн амрагчид бүлгээрээ ирж амрана гэх юм бол 2 багшийг минь дуудаж бидэнд “Сансар” бүлгийг гаргаж өгнө гэдгээ амалсан юм.

Бүлгийн ахлах багш Баяржавхлан /Жавхаа/

Бүлгийн туслах багш Баясгалан /Баясаа/
Чөлөөт сэтгэлгээ эд дундаа



0 comments: